ОЮУН САНААНЫ ӨСӨЛТ (#10641)

Надад сэвгүй ариун сэтгэл хүртээж хайрлана уу, Бурхан минь, надад Та уужуу тайван ухамсрыг суулгаж хайрлана уу, Итгэл Найдвар минь!  Өөрийнхөө хүч чадлын увдисаар дамжуулж намайг Өөрийн Үйл хэрэгт баттай үнэнч болгож хайрлана уу,  Хамгаас Хайрт минь, Яруу алдрынхаа гэрлээр Өөрийн замыг надад нээн гийгүүлж хайрлана уу, Миний хүсэл эрмэлзлийн Зорилго болсон Та минь ээ!  Тэнгэрлэг төгс сүр хүчээрээ Өөрийн ариун нандин диваажин хүртэл намайг өргөн өндийлгөөч, Миний оршин тогтнохын Үндэс болсон Та минь, өнө мөнх амьдралын сэвшээ салхиар миний сэтгэлийг баясгаж хайрлаач, Миний Бурхан Та минь ээ!  Таны ашид үүрдийн аялгуу надад тайван амарлингуй байдлыг олгох болтугай, Миний дотны Хань минь.  Өөрийн өнө эртнийн баялаг дүр царайгаар намайг Өөрөөс тань өөр бүхнээс ангижруулж хайрлана уу, Эзэн минь.  Таны гандан бууршгүй Мөн Чанар тодрон нээгдсэн тухай мэдээ надад баяр хөөр авч ирэх болтугай, хамгийн их илэрхий, хамгийн их нууц Та минь ээ!

-Bahá'u'lláh
-----------------------

ОЮУН САНААНЫ ӨСӨЛТ (#10642)

Эзэн тэнгэр минь!  Өөрийн Гоо үзэсгэлэнг миний балин идээ, Өөрийн оршин байгаа ахуйг миний ундаа, Өөрийн цэнгэл таашаалыг миний итгэл найдвар, Таны магтууг миний үйл ажиллагаа, Таныг санаж дурсах явдлыг миний амьдралын хань, Таны хязгааргүй эрх мэдлийг миний хамгаалагч, Таны орд харшийг миний орон гэр болгож хайрлаач.  Миний амьдарч буй гэр орныг Танаас гивлүүрээр мэт халхлагдан холдсон тэдэнд ногдуулсан хязгаарлагдмал байдлаас ариуссан суудал болгож хайрлаач.
Чухамхүү Та бол Хамгийг Чадагч, Хамгаас Гайхамшигт, Хамгийн Хүчирхэг нь билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

ОЮУН САНААНЫ ӨСӨЛТ (#10643)

Тэрээр Гоо жавхлант, Хамгаас Буян хишигт билээ!  Бурхан минь, Бурхан минь!  Таны дуудлага намайг урин татаж, Таны Яруу Алдарын дуу хоолойг намайг сэрээсэн билээ.  Таны ариун айлдварын ундрага намайг уяруулан бишрүүлж, Таны онгод ивээлийн ариун дарс сэтгэлийг минь эзэмдсэн билээ.  Эзэн тэнгэр минь, Танаас өөр бүхий л зүйлсээс ангижирч, Таны буян хишгийн олсноос зүүгдэж, Таны гоо жавхлагийн гайхамшгийг хүсэн горилсон байхыг минь Та харж байгаа билээ.  Намайг Танд ойртуулж, Таны баялгаар элбэг баян болох тэр зүйлийг надад хайрлахыг Таны хайр халамжийн мөнхийн давалгаа ба Таны эелдэг зөөлөн ивээл тусламжийн цацарсан гэрлийг барин Танаас гуйя.  Миний хэл, миний бийр, миний бүхий л бие Таны хүч, Таны чадал тэнхээ, Таны гоо жавхлан ба Таны буян хишгийг, Таныг Бурхан гэдгийг, мөн Хамгаас Хүчтэй, Хамгийг Чадагч Танаас өөр Бурхан үгүй гэдгийг гэрчилнэм. 
Бурхан минь, өөрийн өрөвдөлтэй дорой байдал ба Таны сүр хүчийг, өөрийн өчүүхэн сул дорой байдал ба Таны хүч чадлыг энэ мөчид гэрчилье.   Надад чухам юу ач тус болох, чухам юу сүйрэл доройтол авчрахыг би үл мэднэ, харин Та бол үнэнхүү Бүхнийг мэдэгч, Бүхнээс мэргэн ухаантан билээ.  Эзэн тэнгэр Бурхан минь, Эзэнтэн минь, Таны мөнхийн зарлигийг даган түүгээр сэтгэл хангалуун явахад минь, Таны ертөнц бүхэнд хөгжин цэцэглэхэд минь туслах тэр зүйлийг надад айлдан лүндэн болгоно хайрлана уу.  Та бол үнэндээ Гоо жавхлант, Буян хишигт билээ. 
Эзэн тэнгэр  минь!  Эрдэнэс баялгийнхаа далай болон энэрэл ивээлийнхээ тэнгэрээс намайг бүү холдуулаач, надад энэ ба хойд ертөнцийн буяныг айлтган хайрлана уу.  Чухамхүү Та бол тэнгэр диваажин дахь энэрэл өршөөлийн суудалд залрагч Эзэн тэнгэр мөн билээ.  Цорын ганц, Бүхнийг мэдэгч, Бүхнээс мэргэн ухаантан Танаас өөр Бурхан байхгүй.

-Bahá'u'lláh
-----------------------

ОЮУН САНААНЫ ӨСӨЛТ (#10644)

Бурхан минь, хайрт шавь нартаа шударга ёсны өмсгөл өмсүүлж, тэдний ахуй биесийг итгэл даах үнэнч чанарын гэрлээр гийгүүлж хайрлахыг Таны Алдар нэрийн бүхий л сүр жавхланг барин Танаас хичээнгүйлэн гуйя.  Та бол хүссэн бүхнээ хийх чадалтай Нэгэн бөгөөд нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх бүхий л зүйлсийг гартаа атгасан билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

ОЮУН САНААНЫ ӨСӨЛТ (#10645)

Бурхан минь! Бурхан минь!  Энэхүү шадар зарц Танд ойртон тэмүүлж, Таны хайрын цөлд оргилуун хүсэл дүүрэн хэсүүчилж, Танд үйлчлэх буяны замаар алхалж, Таны ач тусыг горьдон Таны ивээл буяныг хүсэмжлэн, Таны хаант улсад итгэл найдвараа даатгаж, Таны бэлэг хишгийн дарсанд мансууран явна.  Бурхан минь!  Таныг бишрэх бадрангуй сэтгэл, Таныг магтан дуулах тууштай итгэлийнх нь илч халууныг нэмэгдүүлж, Таныг хайрлах хайрынх нь хүчийг зузаатгаж хайрлана уу. 
	Үнэнхүү Та бол Хамгаас Өгөөмөр, хэмжээлшгүй их гоо жавхлант Эзэн тэнгэр билээ.  Танаас өөр Өршөөн хэлтрүүлэгч, Энэрэн хайрлагч Бурхан үгүй.

-Bahá'u'lláh
-----------------------

ОЮУН САНААНЫ ӨСӨЛТ (#10646)

Эзэн тэнгэр минь! Эзэн тэнгэр минь!  Энэ бол Таны хайрын галаар асаж, Таны энэрэл нигүүлслийн модонд ноцсон галын дөлөөс бадарсан зул билээ.  Эзэн тэнгэр минь!  Таны Тодруулагчийн Синайд ассан галаар түүнийг улам дүрэлзүүлж, түүний халуун илч дөлийг улам бадраагтун.  Үнэнхүү Та бол Бататгагч, Туслан дэмжигч, Бүхнээс хүчтэн, Өгөөмөр бөгөөд Энэрэн хайрлагч билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

ОЮУН САНААНЫ ӨСӨЛТ (#10640)

Өнө мөнх чанарынхаа тансаг үнэртэй горхиноос надад ус хайрлаач, Бурхан минь, Өөрийн ахуйн модны жимснээс надад амсуулаач, Итгэл найдвар минь! Энэрэл хайрын болор тунгалаг булгаасаа уухыг зөвшөөрөөч, Яруу алдарт минь, үүрд орших зөн билгийнхээ сүүдэр дор суух боломжийг хайрлаач, Гэрэл гэгээ минь! Танд ойр байгаа нутгийн тал нугад Таны дэргэдүүр хэрэн хэсүүчлэх хүч тэнхээг олгоно уу, Хайрт минь, энэрэл өршөөлийнхөө сэнтийн баруун гар талд намайг суулгаж хайрлана уу, Хүслэн минь! Өөрийн баяр цэнгэлийн анхилуун үнэрт салхиараа намайг үлээнэ үү, Зорилго минь, Өөрийн бодит байдлын диваажингийн оронд нэвтрүүлэн оруулна уу, Бишрэл шүтээн минь! Таны нэг нэгдмэл чанарын тагтааны аялгууг надад сонордуулаач, Гойд сайхан минь, Өөрийн хүч чадлын увдисаар намайг амьдруулаач, Хангагч минь! Хайр ивээлийнхээ сүнс сүлдээр намайг туйлбартай болгож хайрлаач, Тэтгэгч минь, Өөрийн хүсэл таашаалын замаар миний хөлийг бат гишгүүлж хайрлана уу, намайг Бүтээгч минь! Өнө мөнхийн цэцэрлэгтээ Таны дүр царайны өмнө мөнх байх зөвшөөрөл хайрлана уу, намайг энэрэн хайрлагч Та минь, Өөрийн яруу алдрын суудалд намайг суулгаж хайрлана уу, Эзэгнэгч минь! Хайр халамжийнхаа тэнгэр өөд намайг өргөж өндийлгөнө үү, Амьдруулагч минь, Өөрийн удирдлагын Өдрийн Од руу намайг хөтлөн дагуулаач, сэтгэлийг Татагч Та минь! Таны үл харагдах сүнс сүлдний үүдэл нээлтийн өмнө намайг дуудаж аваачна уу, миний Үүсэл гарлын Эх, Эрхэм дээд Хүсэл Та минь ээ! Өөрийн гоо үзэсгэлэнгийн анхилуун тансаг мөн чанар луу намайг эргүүлэн аваачаач, миний Бурхан Та минь!

Хүссэн бүхнээ хийх чадалтай билээ, Та. Та чухамхүү Хамгаас өргөмжит, Хамгаас Яруу Алдарт, Эрхэм Дээдийн Дээд нь билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

